Saturday, March 31, 2018

Би саяхан нэг кино үзсэн юм л даа. Түүн дээр дээр 4 жил үерхээд, гэрлээд 14 жил хамт амьдраад 18 жилийн дараа салж байгаа хосууд гардаг юм. Эхнэр нь салахдаа чи хэзээ ч хэрэгтэй үед хажууд минь байгаагүй гэж хэлсэн юм. Ууг нь нөхөр бол гэр бүлээ л авч явах гэж үргэлж л илүү цаг ажилладаг нэгэн байсан. Би юу хэлэх гэсэн бэ? гэвэл. Эхнэрүүд бид чинь жаргах, зовох бүх цаг үедээ л нөхрүүдээ боддог хүмүүс юм байна шүү дээ. Тэгээд үргэлж хэрэгтэй цаг үед түүнийгээ хажууд минь байгаасай гэж боддог. Гэвч байхгүй байх юм бол цаашдаа хэцүү үе тохиолдох бүрд нөхрөө санахаасаа илүү өөрөө даван гарах гэж тэмцдэг болдог юм шиг байгаан. Тэгж явсаар нэг мэдэхэд өөрөө маш их ядарчихсан хэтэрхий их зүйлд дарагдчихсан байх юм даа. Мөн ингэж ч хосуудын харилцаа хөндийрдөг байх даа л гэж бодлоо. Үүн шиг нөхрүүд маань ч биднийг хэрэгцээтэй үедээ хажуудаа байгаасай гэж боддог л байх даа? Тэгвэл гэртээ л ажлаасаа их цагийг зарж байх л хэрэгтэй байх нь байна даа. Хөөрхөн эхнэрүүд ч нөхрөө ойлгож ямар ч үед сэтгэлээ заавал уудалж байгаарай. Хадгалаад л байх чинь эцэст нь бидэнд л өвчин болж үлдэнэ.  Гэртээ гэр бүлээрээ оройг сайхан өнгөрүүлээрэй. Өө бас өнгөрсөн амралтын өдрөөр нөхөртэйгөө хамт үзсэн "Нуурын байшин" гэх сайхан киног та нарыг ч үзээрэй гэж зөвлөх байна. 😘


Айлын эзэгтэй хөөрхөн үрсийнхээ ээж болно гэдэг чинь өөрөө өвдсөн ч хүүхдүүдээ битгий өвдөөсэй гэж боддог. Өдөржин ажлаа хийдэг ч гэрээ цэвэрлээд хүүхдээ ч асраад нөхрийнхөө ч юмыг амжуулдаг. Халуурч байгаа ч хөлсөө дуслуулан байж ханийгаа ирэхээс нь өмнө гурил зуурч илдээд цуйван сэгсэрдэг. Хамаг өнгөтэй өөдтэйг хүүхэд, нөхөртөө л хардаг, авдаг хүнийг л хэлдэг бололтой. Хааяа ч гэсэн өөрсдийгөө хайрлаж байгаарай  Та нар минь үнэхээр супер шүү. Аа бас гэртээ 2 ба түүнээс дээш нялх мамагаа хардаг ээжүүдийг бол бүүр шүтэн бишрэх хэрэгтэй санагддаг 

Tuesday, March 20, 2018

Жирэмсэн үеийн сэтгэл санаа

Би ч жирэмсэн болохоосоо өмнө л маш олон найзуудаасаа сэтгэл санаа нь өөрчлөгдсөн талаар сонсож байсан л даа. Гэхдээ тэр дундаас сэтгэлд маш тод үлдсэн нэг зүйл байсан юм. Манай найзуудын ихэнх нь л нэг сургалтанд жирэмсэн болоод нөхөртэйгөө суудаг юм л даа. Тэр сургалтан дээр нь жирэмсэн боллоо гээд эхийн сэтгэл санаа өөрчлөгддөггүй ээ. Бид л зөвхөн жирэмсэн болсон учир би одоо хямарна гэж бодоод л хямардаг юм гэсэн гэнэ лээ. За тэгээд би ч өөрөө жирэмсэн боллоо. Би хямрахгүй шүү. Хямрах ёсгүй гэж хэчнээн бодоод ч хямардаг, сэтгэл санаа өөрчлөгддөг юм билээ хэхэ. Тэгээд л хачин сонин зүйлс дээр гомдоод л эхэлсэн дээ. Энэ үеийг давж гарахад хамгийн сайн туслах бол нөхрүүд л юм билээ. Нөхөр маань сайн ойлгож хүлээцтэй хандаж зоригжуулж байсан болохоор л би бас ч гэж харьцангуй бага хямарсан байх шүү. Нэг удаа л нэлээн өөрөөсөө ч гарамгүй үйлдэл хийснийг минь нөхөр маань ярьж инээдэг юм. Их л халуун өдөр байсан юм ажил дээрээ байх даа л тараад ажлынхаа хойно байдаг зайрмагны бөөний цэгээс зайрмаг авч хөргөгчөө дүүргээд л хажуугийнх нь жимсний дэлгүүрээс банана авч идээд л харина даа гэж бодлоо. Нөхөр ч ажил тараад л ирж авлаа би дэлгүүр ормоор байна гэсэн за л гэлээ. Хөдлөөд явж байснаа зогсоол алга ханиа үүднээсээ л авчих гээд яваад өгдгийн би ч хэсэг чимээгүй байж байгаад л шууд л бөмбөрүүлсэн дээ. Яахав дээ хөөрхий минь өдөржингөө авна гэж бодож хүлээсэн юм чинь  Тэгээд л нөхөр ч сандраад л машинаа эргүүлээд л би авах гэсэн болгоноо аваад л инээгээд л харьсан. Одоо бодохнээ юунд ч уйлсан юм бүү мэд. Гомдсон л юм шиг байгаа юм. Ер нь тэгээд жирэмсэн байх даа юу хиймээр байгаа яах гэсэн гэдгээ тодорхой бусдад хэлж өөрийнхөө дуртай зүйлсийг хийж. Мама нь төрөхөөс өмнө хийж амжуулах гэсэн болгоноо хийгээрэй. Бас бид өөрсдийгөө заримдаа дэмий зүйлд их хямраадаг шүү. Мэдээж тэгээд тайван байх нь бидний хүүхдэд л хэрэгтэй шүү дээ. Мөн өөрсдийнхөө сайхан түүхээс хуваалцаарай. Баярлалаа

Жирэмсэн ээж юу идэх вэ?

За яг оройн хоолны цаг ч дөхөж байна. Интернетэд байгаа зүйлсийг орчуулвал нэг иймэрхүү. Харин одоо ээж нар маань өөрсдийнхөө туршлагаас хуваалцаарай. Жишээ нь намайг жирэмсэн байхад цитрусны төрлийн жимс, халуун ногоо, мөөг зэрэг зүйлсийг хорьж байсан. 

Төрөх газраа сонгох

Би анхнаасаа л төрөхдөө нөхөртэйгөө хамт байна гэж бодож байсан учир аль эрт л хувийн эмнэлэгт төрөхөөр шийдсэн байлаа. Гэхдээ өмнө нь хэлсэн шүү дээ. 30 долоо хоног гартлаа дүүргийн эмнэлэг дээрээ хяналтанд байсан. Түүнээс цааш яг төрөх гэж сонгосон эмнэлэгтээ хяналтанд шилжсэн. За тэгээд хамгийн чухал нь төрөх гэж сонгож байгаа эмнэлгээ анхнаас нь сайн судлах хэрэгтэй юм байна лээ шүү. Би 38 долоо хоног хүртлээ Гурван гал эмнэлэгт хяналтанд байсан ч яг төрөх болсон чинь намайг төрүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Шалтгаан нь хувийн эмнэлэг нь зүрхний эмч байхгүй мөн ямар нэгэн эрсдэл гарах юм бол бүрэн хүлээх боломжгүй шууд улсын эмнэлэгт шилжүүлдэг юм байна. За ингээд тэндээсээ гараад ЭХЭМҮТ оров. 13А хуудас хэрэг болоод буцаад өрхийн эмнэлэг дээрээ ирж 13А маягтаа аваад очтол зүрхний эмч маань амралтаа авчихсан, нэг эмч маань сургалтанд явчихсан 9 сар гаргаад ирээрэй гэлээ. Би чинь 38-39долоо хоногтой хүн шүү дээ. Өнөөдөр ч төрчхөж магадгүй гэж учирлаад ч барсангүй. Ингээд өөрийн харъяа 1-р төрөх буюу Өргөө амаржих газраа бараадсан даа. Тиймээс анхнаасаа өөрт байгаа бүх асуудлаа бүрэн тайлбарлаж байж эртнээс төрөх газраа сонгох хэрэгтэй санагдсан. Хугацаагаа тулгаж байж олон асуудал гарах нь цүдгэр бидэнд их хэцүү юм байна лээ шүү. За тэгээд төрөх газраа сонгох талаар асуух зүйлсээ бичээд байгаарай. 

Мама нар нь хөдөлж байна уу?

30-н долоо хоногтой байхдаа охин нь ийнхүү хөдөлдөг байж ээ. Та нарын мама нь хэрхэн хөдөлж байна даа?

Жирэмсэн ээжийн 40000 төгрөгөө хэрхэн авах вэ?

За өнөөдөр хүн бүрийн асуугаад байдаг нөгөө мөнгөний талаар бичнэ. Анхнаасаа хяналтандаа орчихсон хүнд бол энэ тун амархан асуудал 5 сар буюу 20 долоо хоногтой болсон л бол хяналтад байгаа газраа үзүүлэх гээд очиход л эмч нь бичиг хийгээд өгчихнө. Гол нь дүүргийн эмнэлэг юмуу өрхийн эмнэлэг л энэ бичгийг өгдөг юм байна лээ шүү. За тэгээд тэрийгээ аваад 2 хувь цээж зурагтай, үзэгтэйгээ хорооныхоо халамжийн ажилтанд дээр очно. Хорооноос нэг өргөдлийн маягт өгнө. Түүнийгээ бөглөөд зураг эмчийн бичгээ өгөөд боллоо. Хорооны ажилтан хэзээ ирж дэвтрээ авахыг чинь хэлнэ. Дэвтрээ авахад чинь аль банкнаас мөнгөө авах гэдгийг чинь зааж өгнө хэрвээ хэлэхгүй бол заавал тодруулж асуугаарай. Ингээд банк сар бүрийн 15-наас хойш олголт хийдэг тул 15-наас хойш очоод боломжтой бол шууд карт захиалаад данстайгаа холбуулаарай. Тэр нь танд маш амар байх болно. Дахиж банк орж оочирлохгүй хэзээ буух бол буусан болов уу гэж санаа зовохгүй шууд данс руу орно. За ингээд л энэ 40000 төгрөгөө төрөх хүртлээ авна. Төрөөд харин яах хэрэгтэй талаар удахгүй мэдээлэл хүргэнээ. Баярлалаа. Мэдээж асуулт байвал коммент үлдээгээрэй.

Жирэмсэн үеийн жин нэмэлт

Би их азтай ч гэх үү ер нь нээх жин нэмээгүй ээ. Жирэмсэн байх хугацаандаа нийт 9-10кг орчим нэмсэн. Мама нь 3кг 200гр төрсөн. Ажлаа хийж байх хугацаандаа бол бүүр ч бараг жин нэмээгүй сард 500гр орчим нэмсэн. Харин амраад л маш их жин нэмсэн юмуу даа. Би өглөө орой 2 ажилдаа алхаж явдаг юм. Манай ажил гэрээс маань 2 автобусны буудал орчим зайтай. Ер нь нээх тонусгүй өөрөө ядрах нь гайгүй байгаа бол өдөрт бага багаар алхаад байгаарай. Мөн би жирэмсэн хүн юм чинь гээд хамаагүй идээд байж болохгүй санагдсан. Ер нь их жин нэмчихвэл төрөхөд ч хэцүү бас буцаад турах ч хэцүү шүү дээ. Та нар минь яаж жингээ барьж байна? Хэдэн кг нэмээд төрсөн бэ?

Одоо хэдэн кг бэ?

Энэ удаад жирэмсэн үеийн жин гэдэг сэдвээр ярилцацгаая. Хэдэн долоо хоногтойдоо хэдэн кг нэмбэл хэвийн бэ? гэдгийг дараах хүснэгтээс хараарай. 
Нарийвчилбал:
Хүүхэд 3-4 кг 
Ихэс 0,7 кг 
Ураг орчмын шингэн 1 кг 
Эхийн өөхөн эд 2,5-3 кг
Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
Биед хуримтлагдах ус 2,5 кг
Хөх 0,5 кг
Умай 1 кг

Оройн хоол

Сайн уу? та нар минь хар өглөөнөөс авgхуулаад л оройны хоолоо бодож сууна уу? Бодож бодож оройн хоолоо хийгээд л үргэлжлүүлээд л маргааш орой ямар хоол хийх вэ? гэж боддог биз дээ? Өөрөө мэд гэдэг чинь хорвоо дэлхий дээрх хийхэд хамгийн хэцүү хоол гэж байгаа ш дээ 

Бид бүгдийг мэддэг

Эхнэрүүд асууж байна гэдэг чинь аль хэдийн мэдсэн байна гэсэн үг гэдийн гэнэ лээ  Ер нь л гэхдээ эхнэрүүд ихэвчлэн л бүгдийг мэдчихдэг тийм биз дээ? Гэхдээ зарим зүйлийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөх нь гэр бүлийн харилцааг сайхнаар авч үлддэг юм шиг байгаан. Шалтгаантай болоод л хэлээгүй байж таарна шүү дээ. Өөрсдийгөө хааяа ч гэсэн бага зовоож бага зүйлд санаа зовж байгаарай. Юу ч бодолгүй эртхэн шиг сайхан амраарай ээжүүдээ 

Жирэмсний хордлого

Би жирэмсний эхэн үеийн хордлого нэлээдгүй ихтэй байсан нэгэн. Ядаж байхад тэр үеэр минь цагаан сар ч таарсан. Буузны үнэр хорвоо дэлхийн хамгийн муухай үнэр санагдаж билээ. Энэ үеийг хэрхэн давсан бэ? гэвэл таалагдаж байгаагаа л идэж давсан даа. Би хордлоготой байх үедээ 3-4кг хассан. Ингээд жирэмсэн болоод таргалах биш тураад л эхэлдэг юм байна гэж бодсондоо. Хажуугаар нь өмнөх нийтлэлдээ хүндрэлтэй жирэмслэлт гэж хэлж байсан шүү дээ. Тэр маань юу байсан бэ? гэхээр зүрхний нэг хавхлагаа хүүхэд байхдаа гэмтээчихсэн буюу зүрх маань асуудалтай байсан юм. Тэгээд хайж хайж ЭХЭМҮТ-ийн хамгийн сайн эмч гэх Сэлэнгэ гэх хүний хувийн эмнэлэгт үзүүлсэн. Асуудалгүй санаа зоволтгүй тайван бай гэдэг хариу сонсоод л сайхан уужирсан гэхдээ хордлого минь байсаар л байлаа. Бараг 5 сартай буюу 20 долоо хоногтой болж байж гайгүй болсон. Аан тийн нээрээ хордлоготой үедээ нийтийн тээврээр яваад нэг удаа ухаан алдаж унаад тэгээд Рингер буюу хордлоготой үед хийдэг дусал 2 удаа хийлгэсэн. Тэгэхээр хордлоготой үедээ хүн ихээр шахцалдсан агааргүй газар аль болох байхгүй байхыг зөвлөмөөр юм байна лээ шүү. Тэгээд идмээр байгаа зүйлээ л сайн идээд байгаарай тэгэхгүй бол амархан ядраад тонус их өгөөд шантарна шүү. 

Мундаг хань

За нөхрүүд нь хэр их гарч орж байна даа? Жирэмсэн байхад ч орхиод гарна гэхээр л цаанаасаа л гомдоод байдаг шүү тэ? Гэхдээ нөхрүүдээ хааяа ч гэсэн хатан ухаан гаргаад гаргачиж байгаарай. Баярладаг юм ш дээ. хэхэ Би бол ихэвчлэн л гар гар л гэдэг хүн л дээ. Үнэхээр өөрөө хүсэж байгаа бол гарахаас яахав дээ. Нэг ёсондоо ханийгаа бяцхан шалгаж байгаан гэх юм уу даа.  Гараа гар гэх болгонд өдөр бүр гарлаа гээд гарч явахнуу хэзээ гарч хэзээ ханьдаа туслах вэ? гэдгээ мэддэг халамжтай хань байхнуу гэдгийг нь л мэдэх гэсэн ухаантай юм. Та нар минь яаж байна даа?

Жирэмсний хяналтанд орох

Хамгийн түрүүнд жирэмсэн гэдгээ мэдсэн бол эхонд харуулж баталгаатай болгохыг зөвлөж байна. Тэгээд хувийн гэхээсээ илүү өрхийн эмнэлэгтээ эхлээд хандаарай. 3 сар буюу 12 долоо хоногтой болохоосоо өмнө заавал хяналтанд орох хэрэгтэй. Шаардлагатай бол дүүргийн эмнэлэг рүү чинь явуулна. Бага сартай байх даа хүндрэлгүй бол өрхийн эмнэлэгтээ хяналтанд байвал илүү зүгээр санагдсан. Мөн төрөөс авах мөнгөө ч заавал өрхийн болон дүүргийн эмнэлгийн бичгээр авах тул хувийн эмнэлэгт хяналтанд орсон ч өрхийн эмнэлэгтээ үзүүлэх ёстой юм байна лээ. Би хүндрэлтэй учир дүүргийн эмнэлэгтээ хяналтанд орсон. Надаас хол бас хүн ихтэй учир цаг олдохгүй бас зөвлөгөө сайн өгдөггүй санагдсан. Харин өрхийн эмнэлэг бол зөвөлгөө хүртэл сайн өгдөг гэж олон ээжээс сонсож байсан. Харин томроод ирэхээр буюу 30-32долоо хоногтой болоод ирэхээрээ хувийн төрөх гэж сонирхож байгаа эмнэлэг дээрээ хяналтанд ороод явбал зүгээр юм байна лээ. Би анх 25000 төгрөгөөр Баянгол эмнэлгийн эход харуулсан дараагийн удаа 3 сар буюу 12 долоо хоногтой байх даа БГД-ийн хүүхдийн эмнэлгийн урд байрлах ЭБО төвийн эхонд 20000 төгрөгөөр харуулсан. 5 сартай буюу 20 долоо хоногтой байх даа ургийн гажгаа 19-р хороололд байрлах Тод дэлгэцэд 60000 төгрөгөөр харуулаад түүнээс хойш 30 долоо хоногтойгоосоо Гурван галд хяналтанд ороод 2 долоо хоногт нэг удаа 40000 төгрөгөөр үзүүлдэг байсан. Ер нь бол хамгийн таалагдсан нь хамгийн хямд газар нь байсан нь хачирхалтай. Маш сайн тайлбарлаж бүх зүйлийг асуугаагүй байхад л хэлээд өгсөн. Тэгэхээр үнэтэй газар бүр сайн биш юм байна лээ шүү. Эхогоо сонгохдоо үнийг нь битгий гол болгоорой. Ээж нар хаана хэдээр эхо хардаг вэ? Хаана хяналтанд орох вэ? Гэж их асуудаг учир аль болох дэлгэрэнгүй бичлээ. Асуух зүйл байвал чөлөөтэй асуугаарай.

Би хэзээ төрөх вэ?

Би хэзээ төрөх бол эхоний хугацаа сарын тэмдгийн хугацаа зөрөөд байна гэх асуултуудын хариулт. Хамгийн ойролцоо байх хугацаа бол сарын тэмдгээр тооцоолон олсон хугацаа юм. Эхо нь хүүхдийн жингээс хамааран байнга төрөх хугацаа өөрчлөгдөж байдаг тул аль нэгийг нь гэж үзэхэд хэцүү. Тиймээс өөрсдөө хамгийн амар аргаар төрөх хугацаагаа хамгийн ойролцоогоор хэрхэн хялбар бодож олох вэ? Бодож чадахгүй байгаа бол коммент бичээд асуугаад байгаарай.

Ээж болох гэж байгаагаа мэдсэн нь

Би нөхөртэйгөө хамт амьдардаг болоод удаагүй байлаа л даа. Бид анх удаа хамтдаа он гаргахаар догдлон хүлээж байлаа. Он гарах мөчид хувь хувьдаа болон хамтдаа ирэх жил хийх зүйлсээ жагсаан бичээд л нэг л том төлөвлөгөө гаргаад л оноо сүртэй гэгч нь гаргалаа. Бид 2 хүүхэдтэй болохоо хүртэл төлөвлөж байгаад биеэ бэлдэж байгаад л болно гэж боддог байлаа. Эхлээд өөрсдөө эмчилгээ хийлгээд сайн амраад тэгээд юм юмтай болоод л хүүхэдтэй болно доо гээд л. Тэгсэн ээж гэдэг үнэхээр мундаг хүн байх юмаа. Намайг манай ээж ганц удаа хараад л чи жирэмсэн болчихжээ тестээр үзээрэй л гэдэг юм байна. Би ч дотроо үгүй байх дөө гэсэн бодол тээсэн ч үзэхээр шийдээд 1 сарын 2-нд ээж болох гэж байгаагаа мэдсэн юм даа. Нөгөө эмэгтэй хүний амьдрал 2 зурааснаас эхэлдэг гэдэг чинь л боллоо. Ингээд мамагаа 4-хэн долоо хоногтой буюу 1 сартай байхад нь анх эхонд харууллаа. Мэдээж нөхөртэйгөө нөгөө их зүйл төлөвлөсөн минь бүтэхгүй даалгавар болж докторт явж сурах маань ч хэсэгтээ мөрөөдөл болох нь тэр. Анх ч сэтгэл санаагаар нэлээдгүй унасан. Ууг нь ч тийм залуухан ээж биш л дээ. Аль хэдийн магистраа хамгаалаад тогтвортой ажил эрхэлдэг эмэгтэй. Гэхдээ л 19 насандаа анхныхаа их сургуулийг төгссөн бага наснаас суусан амбийц гэдэг зүйл ихтэй байсан учир төлөвлөж байсан зүйлээ хийж чадахгүй гэхээр л цаанаасаа хямраад байсан хэрэг. Би ч бас ганцаараа хямраагүй юм. Нөхөр ч бэлэн биш байсан нь тодорхой байлаа. Гэхдээ л бид удаан ярилцсаны эцэст бурхан бидэнд ийм сайхан бэлэг бэлдэж өгч байхад бид улам хичээх хэрэгтэй юм байна гэж шийдээд бүх бичсэн төлөвлөгөөгөө мартаад шинээр төлөвлөж гарсан даа. Ингээд үүгээрээ юуг хэлэх гэсэн бэ? гэхээр би залуухан оюутан, би дөнгөж ажилд орж байна, бидэнд байр ч байхгүй, би тийм гэж шалтгаан тоочихгүй хэрвээ зориглоод үзвэл болохгүй зүйл гэж огт байхгүй. Хүүхэд гэдэг чинь тэгээд л том болоод ирэхээр хүсэл мөрөөдлөө дагах цаг бидэнд гарна шүү дээ. Хүнд хүүхэд гэдэг чинь бас ч гэж амар олддог зүйл биш болохоор баярлаад л хүлээгээд аваарай. ^_^ Чи л чадна гэж итгэх нь хамгийн чухал юм билээ. Ингээд жирэмсэн болсон бол сэтгэл санаагаа тайван байлгаад, маш сайхан амраад, агаарт л их гараарай.

Зөвлөгөө

Төмрийн бэлдмэл сүүн бүтээгдэхүүн хоёрыг ойрхон хэрэглэж болохгүй. Учир нь сүүний калци нь төмрийн нийлэгжилтийг бууруулдаг. Наад зах нь хоорондоо 20мин зайтай хэрэглэх хэрэгтэй.

Одоо хэдэн сартай жирэмсэн бэ?

Олон ээжүүд би одоо хэдэн сартай юм болоо? Хэдэн сар хүрч байж төрөх вэ? гэж асуудаг. 4-н долоо хоног нь 1 сар гэж үзээд 40-н долоо хоноод төрнө. Мэддэг ээжүүд зөндөө ч мэдэхгүй ээжүүд ч бас байдаг юм байна лээ.

Сайн байцгаана уу?

Намайг Симбагийн ээж гэдэг. ^_^ Сонирхолтой нэр санагдаж байна уу? Би нь мамагаа Симба гэж дууддаг юм л даа. Эмэгтэйчүүд бид бүгд л өөр өөр ааш зантай, бүгд өөр мэргэжил сонирхолтой ч бүгд л адилхан ээж хүмүүс шүү дээ. Би ч ялгаагүй нэгэн эгэл жирийн л сайн ээж байх гэж хичээж байгаа эмэгтэй. Энэхүү хуудсаараа дамжуулан өөрийнхөө ээж болсон түүх, тулгарсан хүнд хэцүү асуудлууд,хэрхэн даван гарсан, хэрхэн бууж өгсөн мөн шинээр сурсан зүйлсээ болон өөрийн мэддэг зүйлсээсээ ч харамгүй та нартайгаа хуваалцахаар шийдээд байгаа билээ. Тиймээс гайхалтай мундаг ээжүүд мөн ирээдүйд ээж болохоор төлөвлөж байгаа хүмүүс ч лайк дарж нэгдээд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаарай. Баярлалаа